"Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдвээр болзолт уралдаан зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/, БТСУХ, БШУЯ-наас хамтран Монгол Улсын нийт ЕБС-иудын дунд "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг зохион байгуулж байгаа юм.
Өчигдөр МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Зохион
байгуулах хорооны гишүүдийг хүлээн авч уулзан болзолт уралдааны явцын тухай
болон ойрын хугацаан дахь үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, санал бодлоо
солилцлоо.
Болзолт уралдааныг өрнүүлэх салбар зохион байгуулах хороод нийт 21 аймаг, 9
дүүрэгт байгуулагдан үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна. “Олимпын
боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан 2021 оны 12 дугаар
сарын 27-ноос 2022 оны 5 дугаар сарыг 1-ний хооронд үргэлжилнэ.
Энэ хүрээнд дараах зорилтыг шийдвэрлэхээр төлөвлөсөн билээ.
-Аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүд болон Биеийн тамир, спортын газруудын
уялдаа холбоог нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх;
-Өсвөр үеийнхэнд олимпын боловсрол олгох ажлын агуулга, хэлбэр, үр дүн, ач
холбогдлыг сайжруулах;
-Ерөнхий боловсролын сургуулиуд дахь олимпын танхимын үйл ажиллагааг
эрчимжүүлэх;
-Биеийн тамирын хичээлийн агуулгыг баяжуулах, явуулах хэлбэрийг өргөжүүлэх;
-Биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилгыг дэмжих, хөдөлмөрийн
үр дүнг үнэлэх асуудал тус тус орно.
Болзолт уралдааны ялагчдыг “Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам үзэх эрхээр
урамшуулна.
Өмнөх болзолт уралдаанд 21 аймаг, найман дүүргийн 350 гаруй ерөнхий боловсролын сургууль хамрагдаж, үүний хүрээнд спорт, олимпизмыг сурталчлан таниулсан 1000 гаруй ажил зохиож, 300 мянга гаруй хүн хамрагдаж байжээ.