Бөхчүүдэд цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Цэргийн цол, чимэг олгох 34 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” Монгол бөхийн өргөөнд энэ сарын 6-нд болно.
Энэхүү наадамд зэвсэгт хүчин, цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, онцгой, тагнуул, шүүх шийдвэр гүйцэтгэх газар, ХСИС-ийн харьяа спорт хорооны бөхчүүд зодоглодог байсан. Тэгвэл энэ жилээс үүнийг өөрчилж бөхчүүдэд чансаа тогтоож, квотоор оруулахаар болсон билээ. Барилдааны бүртгэл маргааш 10:00 цагт эхлэх бөгөөд тасалбарыг ч мөн маргаашаас худалдах аж. Энэхүү барилдааны үзүүр түрүү булаалдаж, шөвгөрсөн бөхчүүд дараа жилийнхээ баяр наадмаар улсын цол хүртдэг бичигдээгүй хууль бий.
Тухайн жилийнхээ хамгийн анхны цол олгох барилдаан болох “Бүх цэргийн наадам”-ыг 1992 оноос хойш зохион байгуулсан. Уг барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс нэг дархан аварга, хоёр аварга, хоёр арслан, дөрвөн гарди, дөрвөн заан, есөн харцага, 21 начин цолтон төрсөн байна.
Энэ наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс улсын цолонд хүрээгүй найман бөх бий. Тодруулбал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням, Б.Өлзийсайхан, аймгийн арслан Х.Наранбаяр, Э.Тулга, цэргийн заан Ө.Батсуурь, Д.Энхтөр, Н.Нямаа нар юм.
Тэгвэл хоёр дараалан түрүүлсэн бөх
нь улсын заан М.Лхагвагэрэл /2021, 2022 он/, начин Д.Цогзолдорж /2000, 2001 он/
нар ажээ. Үүнээс гадна улсын аварга Ч.Санжаадамба, харцага А.Бямбажав хоёр
түрүүлсэн байна.