Монголын дугуйчид мэргэжлийн түвшинд хүрснээ баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн баг тамирчид “Тажикистан-2022” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, Монголын дугуйн спортын түүхэнд тэмдэглэгдэх амжилтын эзэд боллоо.
Тажикистаны
нийслэл Душанбе хотноо Дугуйн спортын Ази тивийн АШТ 2022 оны 3 дугаар сарын
26-29-ний өдрүүдэд болж 17 орны баг тамирчид засмал замд уралдлаа. Азийн дугуйн
спортын шилдэг тамирчид 2 жил завсарласны эцэст ийнхүү хурд хүчээ сорьсон юм.
Монголын дугуйчид тус тэмцээнд 4 удаа Төрийнхөө далбааг мандуулан, дугуйн спортоор мэргэжлийн түвшинд хүрснийг батлан харуулав.
Тэмцээний эхний өдөр багийн 24 км-ийн уралдаанаар эхэлсэн бөгөөд манай дугуйчид мөнгөн медаль хүртсэн. Харин 2 дахь өдөр манай багаас өсвөр үеийн ангиллын /Men Junior 17-18 нас/ ганцаарчилсан гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал 8 улсын тамирчидтай өрсөлдөж хүрэл медалийн эзэн болсон юм.
Улмаар
тэмцээний 3 дахь өдөр Элит эмэгтэй /Women Elite/ ангилалд ганцаарчилсан
гараатай 24 км-т уралдсан ОУХМ Ц.Солонго хүрэл медаль хүртсэн бол, сүүлийн өдөр /2022.03.29/
эрэгтэй, эмэгтэй элит бөөн гараатай уралдаанд манай 4 тамирчин уралдаж эрэгтэй
Элит ангилалд ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэн байна.
Эрэгтэй Элит ангилалд 12 улсын 41 тамирчид өрсөлдсөний дунд ОУХМ С.Жамбалжамцаас гадна ОУХМ Б.Марал-Эрдэнэ, Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал нар гараанд гарсан юм. Мөн эмэгтэй Элит ангилалд ОУХМ Ц. Солонго 12 улсын 40 тамирчинтай өрсөлдөж 10-р байрт оржээ.