Баруун бүсийн зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхэд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-02 10:25:42

Ховд /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс”-ын гишүүдийг чадавхжуулах баруун бүсийн сургалт боллоо. 

Сургалтад Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын гишүүд болон Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцжээ

Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт, шинээр батлагдсан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, мэргэжил арга зүйгээр хангалаа.

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс”-ыг ХНХЯ-ны дэргэд байгуулахаар хуульчилсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, оролцоог дэмжихэд эрх зүйн томоохон шинэчлэл болсон аж. Мөн комиссын үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг бага насанд нь илрүүлэх, тэдний өсөлт хөгжлийг дэмжин оролцоог хангаж, нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэсэн салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг байна.

Дээр дурдсан зургаан аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхэд байна. Эдгээр хүүхдийн боловсролын хамрагдалтыг авч үзвэл сургуулийн өмнөх боловсролд 1065, ерөнхий боловсролын сургуульд 5606 хүүхэд хамрагдаж байна гэх судалгаа гарчээ.

Тус сургалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад салбар байгууллагуудын уялдаа, хамтын ажиллагаа сайжирч, бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийн дэмжлэг оролцооны олон улсын чиг хандлагын талаар нэгдсэн ойлголтод хүрнэ гэж албаныхан үзэж байна.

Связанные новости