АТГ, МХБХ-той “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар, Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-той лхагва гарагт /2022.04.13/ “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав.
Санамж
бичгийн зорилго нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, МХБХ-ны
гишүүдийн шударга ёсны талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хандлага
тогтооход чиглэгдсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран зохион
байгуулах, тус холбооны гишүүдийн ёс зүйн дүрмийг тогтоох, мөрдүүлэх, үйл
ажиллагааны болон санхүүгийн тайлан, мэдээллийг ил тод, нээлттэй болгоход
мэргэжлийн туслалцаа үзүүлэх, талуудын хамтын ажиллагааг тодорхойлоход
чиглэжээ.
Талууд
МХБХ-ны болон спортын салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс гадна хүүхэд залуучуудыг багийн спортоор
дамжуулан шударга, хүнлэг зөв ёс суртахуунтай иргэн болж төлөвшүүлэхэд анхаарч
хамтран ажиллах юм.
Мөн санамж бичгийн хүрээнд талууд тоглолт наймаалцах, мөрий тавих, авлига, ашиг сонирхлын зөрчил зэрэг хууль бус, шударга бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, шударга ёсны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хандлага тогтооход чиглэгдсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран хөлбөмбөгийн бүхий л оролцогч талуудад зохион байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж, хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалахад хамтран ажиллана.
МХБХ-г төлөөлж АХБХ-ны дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон АТГ-ыг төлөөлж Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Тамгын хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн ажилтан, комиссар Н.Тэмүүлэн нар оролцож 4 жилийн хугацаатай санамж бичгийг үзэглэсэн байна.