“Олимпын тэнгэр дэх фото бамбар” үзэсгэлэнгийн нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын гэрэл зурагчин С.Энхжаргал “Бээжин-2022” Өвлийн олимпын торгон агшнуудыг харуулсан “Олимпын тэнгэр дэх фото бамбар” гэрэл зургийн үзэсгэлэн даваа гарагт /2022.04.25/ Blue Mon төвд нээлтээ хийлээ.
Монголын
спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын гэрэл зурагчин С.Энхжаргал
Бээжингийн өвлийн олимпыг сурвалжлахдаа үзэсгэлэнд дэлгэгдсэн өвлийн спортын
гайхамшигтай агшинг гэрэл зургийн дурандаа буулгажээ. Үзэсгэлэнд өвлийн олимпын
эгзэгтэй, гайхамшигтай, сонирхолтой, дурсамж бүхий агшнаас түүвэрлэсэн шилдэг
50 зураг дэлгэгдсэн юм байна.
Ташрамд
сонирхуулахад, С.Энхжаргал удам дамжсан спортын гэрэл
зурагчин бөгөөд түүний аав Б.Сугаржав 1972 оны Саппорогийн өвлийн олимпыг
сурвалжилсан бол хүү нь ийнхүү 50 жилийн дараа цагаан олимпын галын шугаманд
амжилттай ажиллаад ганзага дүүрэн ирсэн юм.
Үзэсгэлэнгийн
нээлтийн үеэр С.Энхжаргалын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь
нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнасныг МҮОХ-ны тэргүүн дэд
ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.
Өвлийн спортын ховорхон гайхалтай агшнуудыг түүх болгон мөнхөлсөн “Олимпын тэнгэр дэх фото бамбар” үзэсгэлэн тав хоногийн турш үргэлжилж үзэгч олны хүртээл болох юм.