Шатрын сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сурагчдын 19 дэх удаагийн шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн “Улаанбаатар” зочид буудлын их танхимд маргааш эхэлнэ.
Уг тэмцээнд Вьетнам, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, БНХАУ зэрэг 10 гаруй орны шатарчид оролцохоор мэдүүлэг өгчээ. Түүнчлэн ОХУ-аас 65 шатарчин ААШТ-д оролцохоор манай улсад ирсэн байна. Тус улсын шатарчид 2022 оноос Азийн шатрын холбоонд нэгдсэнээр ААШТ-д оролцох эрх нь нээлттэй болсон юм. Найм хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд 7, 9, 11, 13, 15, 17 хүртэлх насны ангилалд 700 орчим сурагч шатарчин өрсөлдөх ажээ.
Тэмцээний талаар ФИДЕ төлөөлөгч, их мастер А.Энхтуул ярихдаа, “Энэ тэмцээнд Монгол Улсын 21 аймгаас сурагчид оролцоно. Эхний гурван байрт шалгарсан тамирчин ФИДЕ мастер цолтой болох боломжтой. Үүгээрээ өсвөрийн шатарчдын тэмцээн дундаа зэрэглэл өндөрт тооцдог юм. Мөн энэ тэмцээний медальтнууд 2026 оны ААШТ-д шууд өрсөлдөх эрхээ авна. Энэ тэмцээнээр дамжуулан гадаад, дотоодын 2000 гаруй хүнийг эцэг эх, асран хамгаалагчтай нь хүлээн авч буй. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эх орондоо болох тэмцээнд манай улсаас 500 сурагч, гадаадаас 200 орчим тамирчин оролцохоор ирсэн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бусад орноос харьцангуй бага тамирчин бүртгүүлсэн” гэв.
19 дэх удаагийн сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш нээлтээ хийж, аваргууд ирэх сарын 2-нд тодорно.
Ulaanbaatar