Олимпын боловсролыг Архангай аймагт үе шаттай түгээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 13 цэцэрлэгийн төлөөлөл өнөөдөр Олимпик хауст зочилж, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны үйл ажиллагаатай танилцан Олимпын музейн үзмэрийг сонирхлоо.
“Олимпын
боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд Архангай
аймгийнхан цөөнгүй ажил өрнүүлж байна.
Тухайлбал,
аймгийн төвийн 5-р цэцэрлэгийн “Миша” олимпын танхимын санаачилгаар 3 дугаар
сарын 21-нээс 4 дүгээр сарын 21-ний хооронд “Олимп бидний ирээдүй” сарын аяныг
зохион байгуулсан юм.
МҮОХ-ны
ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал
нар цэцэрлэгийн багш нарыг хүлээн авч уулзан, болзолт уралдааны явц болон
МҮОХ-ноос хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Энэ
үеэр Архангай аймгийн “Мехико” олимпын зөвлөлийн дарга Ц.Нэргүйбаатар “Манай
аймаг болзолт уралдааны хүрээнд 3 үе шаттай үйл ажиллага явуулж байна. Бид
аянаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эхэлсэн юм. Үүний хүрээнд
“Олимп бидний ирээдүй” сарын аяныг амжилттай зохион байгуулж дууслаа. Бид
цэцэрлэг гэхээр 2-5 настай хүүхдүүдийг л төсөөлөөд байдаг. Гэтэл тэр хүүхдийн
ард эцэг эх, эмээ, өвөө, ах, эгч гээд 5-6 хүн байдаг. Нэг хүүхдээр дамжуулаад
тухайн айлын 5-6 хүнд олимпын боловсрол олгож байна. Бид болзолт уралдааны
хүрээнд нийт 6 төрлийн арга хэмжээг сарын турш зохион байгуулахад 300 гаруй
хүүхэд, 300 гаруй багш ажилчид, 200 гаруй эцэг эх нийтдээ 800 гаруй хүн
хамрагдлаа. Манай аймаг бүтэн сарын турш олимпоор амьсгаллаа” гэж ярьсан юм.
Болзолт уралдааны хоёр дахь шат Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд өрнөж, аян тавдугаар сарын 15-нд өндөрлөх юм байна.