Сансрын төслийг хэрэгжүүлэхэд НАСА Хятадтай хамтарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /TASS/. Америкчууд Европын сансрын агентлагийн /ЕСА/ зуучлалтайгаар олон улсын сансрын төслийг анх удаа Хятад улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. НАСА агентлагийн гелиофизикийн салбарын дарга Стивен Кларкийн мэдээлснээр, америкчууд нарны салхийг судлах аппарат бүтээхэд Хятадтай хамтрах аж. Уг аппаратыг 2021 онд дэлхий орчмын тойрог замд оруулах ажээ.
“Энэ нь Хятад болон АНУ-ын хоёр талын хамтын ажиллагаа биш. Энэ бол ЕСА болон Хятад хоорондын Америкийн оролцоотой түншлэл юм” гэж тэрбээр хэлсэн байна. НАСА агентлаг Хятадын бус Европын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг дэмжиж байгаа гэж Кларк тайлбарлажээ. Цэргийн технологи алдагдахаас болгоомжилж АНУ-ын Конгресс тус агентлагийг Хятадтай хамтран ажиллахыг хориглосон байна.
Дээрх төслийг ЕСА болон Хятадын шинжлэх ухааны академи боловсруулжээ. Тус хоёр байгууллагын мэргэжилтнүүд нарны салхины нөлөөллийг буюу нарны титмээс ялгардаг ионжсон хэсгүүдийн урсгал дэлхийн соронзон оронд ямар нөлөө үзүүлдгийг судлахаар төлөвлөж байгаа аж. Уг аппаратыг Америкийн эрдэмтэд бүтээхэд нь оролцож магадгүй дөрвөн багажаар тоноглох аж. “Solar wind Magnetosphere Ionosphere Link Explorer” нэрлэх аппаратыг Европын зөөгч пуужингаар тойрог замд оруулна.
Д.Жаргал
Комментарии