Олимпын бамбар Риод хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-04 10:12:21

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Уламжлал ёсоор Грект 4 дүгээр сард асаасан Олимпын бамбар 100 гаруй хоногийн дараа Рио-де-Жанейро хотод очлоо.

“Рио-2016” Олимпын наадмыг буухиалах ёслолд 10 мянга гаруй хүн оролцсон байна. Өчигдөр бамбарыг Олимп зохион байгуулагч Рио-де-Жанейро хотод зэргэлдээх хотоос нь завиар аваачжээ.

Олимпын наадмын хошой алтан медальт сэлүүрт завины тамирчин асан Торбен Граэл тэргүүтэй хүмүүс бамбарыг тус хотод хүргэсэн байна. Рио-де-Жанейро хотын дарга Эдуардо Паес бамбарыг усан боомтоос хүлээн авчээ.

Дараа нь  бамбарыг тус хотын төвөөр буухиалжээ. Олимпын наадамд төсвийн мөнгийг зарцуулан төрийн албан хаагчдын цалинг цаг хугацаанд нь тавихгүй байна гэж бразилчууд үзэн эсэргүүцлийн жагсаал хийж байгаатай холбогдуулан ямар нэгэн эмх замбараагүй байдал болохоос урьдчилан сэргийлэн бамбарыг буухиалагчдыг цагдаа нар хамгаалан явжээ.

Энэ баасан гарагт “Рио-2016”-гийн нээлтийн ёслолын үеэр бамбарыг Маракана цэнгэлдэх хүрээлэнд аваачна. Хамгийн сүүлд хэн бамбарыг барьж гүйх нь олны анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

 

Связанные новости