“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 52 ажилтан орон сууц эзэмших эрхийн бичгээ гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Эрдэнэт
үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо
амьдарч байгаа ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах Засгийн газрын шийдвэрийн
дагуу орон сууц эзэмших эрхийн бичгийг нь ажилчдад гардууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд хоёр жилийн өмнө Орхон аймагт ажиллах үеэр
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон уурхайчдын гаргасан хүсэлтийн дагуу
Эрдэнэт үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад үе шаттай хувьчлах
шийдвэрийг гаргасан. Иймд эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрт 20 буюу түүнээс дээш
жил ажилласан, одоо ажиллаж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн “фондын” байранд буюу
үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцанд амьдардаг, өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс
байр хувьчилж аваагүй, мөн орон сууцны мөнгөн дэмжлэг авч байгаагүй ажилчдад
байрыг нь хувьчилж орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг нь гардууллаа.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлэхдээ, “Цар
тахлын хүнд цаг үед ачааны хүндийг Эрдэнэт үйлдвэр үүрснийг Монголын ард түмэн
мартахгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Эрдэнэт үйлдвэр Засгийн газарт том дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үүний ард уурхайчдын
маань хөдөлмөр хөлс бий...” хэмээн онцлоод өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөтэй
болсон ажилчдад баяр хүргэж, аз жаргалын дээдийг хүсэн ерөөсөн юм.