Болзолт уралдааны шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ноос 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд хүүхдүүдийн урласан шилдэг бүтээлийн дээжийг үзэсгэлэнд дэлгэн үзүүллээ.
Энэхүү болзолт уралдааныг орон даяар сурталчилж зургаан сарын турш өрнүүлж, ийнхүү амжилттай явагдаж өндөрлөж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч
Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын
академийн ерөнхийлөгч, болзолт уралдааны Зохион байгуулах хорооны дарга
Ч.Зоригтбаатар, Боловсролын ерөнхий газрын багш, ажилтан, байгууллагын хөгжлийн
газрын дарга Р. Золзаяа нар оролцов.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр, цаашдаа болзолт уралдааны
цар хүрээг тэлж, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж
байгааг дуулгав.
Энэ удаагийн болзолт уралдааны хүрээнд 400 гаруй сургууль спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх шат дараалсан олон үйл ажиллагааг зохион байгуулж, 400 мянга орчим сурагч, багш ажилчид, эцэг эхчүүд хамрагдсан байна.