Элсний II наадам 2023 онд Балид болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-16 15:09:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элсний II наадам 2023 оны 8 дугаар сарын 5-12-нд дэлхийн шилдэг наран шарлагын газруудын нэг болох Балид зохион байгуулна хэмээн Индонезийн Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ноос мэдээллээ.


Ноднин 10 дугаар сард болсон Үндэсний олимпын хороодын холбоо /ANOC/-ны Ерөнхий ассамблейгаар энэхүү дэлхийн наадмыг зохион байгуулах эрхийг Индонез улсад өгсөн. Улмаар Индонезийн ҮОХ, Засгийн газартайгаа зөвшилцсөний үндсэн дээр Бали аралд зохион байгуулахаар шийдсэн байна. Наадмын дараа үргэлжлээд наймдугаар сарын 13-15-нд ANOC-ийн XXVII Ерөнхий ассамблей болох юм.


Катарын Дохад 2019 онд болсон Дэлхийн элсний анхдугаар наадамд 97 орны 1200 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медаль хүртэж байв.


Харин энэ удаагийн наадмын хөтөлбөрт акуатлон, элсний гандбол, элсний хөлбөмбөг, элсний теннис, элсний волейбол /4х4/, элсний усан поло, элсний бөх, каратэ, китборд, задгай усны сэлэлт зэрэг 10 спортын төрөл багтжээ. Нэмэлтээр ямар спортын төрөл орохыг Индонезийн ҮОХ нь ANOC-той зөвшилцөж шийдвэрлэх юм. Тамирчид наадамд оролцохын тулд эрхийн тэмцээнээс эрхээ авах ёстой. 


“Бид үзэсгэлэнт Бали арал дээр Дэлхийн элсний II наадмыг зохион байгуулах болсондоо баяртай байна. Бали арал нь элсний спортын тэмцээн зохион байгуулахад тохирсон хамгийн сэтгэл татам наран шарлагын газартай. Индонезийн Засгийн газар болон ҮОХ-нд талархал илэрхийлье. Бид ирэх 15 сарын хугацаанд тэдэнтэй нягт хамтран ажиллаж, мартагдашгүй наадам зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ҮОХХ-дын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Робин Митчелл ярьсан байна.

Связанные новости