Монгол охид 1 алт, 2 мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-21 14:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Азий тивийн өсвөр үе буюу "U17" ангиллын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр охидын 40, 46, 53, 61, 69 кг жингийн барилдаан болж шилдгүүдээ тодрууллаа.


Монгол Улсаас 5 бөх барилдснаас гурав нь алтан медалийн төлөө барилдлаа Охидын 69 кг жинд Эрдэнэбатын Одзаяа алтан медаль хүртсэн билээ.


Харин охидын 53 кг-д Япон улсын “Шигакүкан” ахлах сургуульд сурдаг Б.Халиун хэсгийн барилдаанд Узбекистаны Сакибжамал Эсбосынова, Кыргызстаны Айда Талайбековна Нурудинова, хагас шигшээд Японы Үта Нишиокаг тус бүр 10:0-ээр ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Реенад 6:10-аар ялагдаж мөнгөн медаль хүртлээ.


Мөн охидын 46 кг жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Чинзоригийн Номин мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр хэсгийн барилдаанд Кыргызстаны Дилназ Абдыкадыроваг 5:2-оор, Узбекистаны Гулья Хажиеваг 2:2-оор, хагас шигшээд Японы Момока Кавамүраг цэвэр ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Шрутид 4:5-аар харамсалтай ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна.

Связанные новости