Олимп дэд хорооны хурал олимпик хауст болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн олимпын хороодын гишүүн 9 орны Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны 18 хүртэлх насны залуучуудын дунд зохион байгуулах спортын олон төрөлт цорын ганц наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны 8 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг
Зохион байгуулах хороо /ЗБХ/-ны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот
тогтоолоор ЗБХ-ны дэргэд Олимп, спорт, хотын гэсэн гурван дэд хороо болон
зөвлөх, хянах чиг үүрэг бүхий баг бүрэлдэхүүнийг ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.
Үүний дагуу Олимп дэд хороо өнөөдөр Олимпик хауст хуралдаж наадамд оролцогчдын бүртгэл мэдээлэл, гадаад харилцаа, протокол, маркетинг, хамтын ажиллагаа болон спортын шүүлт, мэдээлэл технологийн чиглэлээр хийгдэх Олимп дэд хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь Олимпын
наадмын үзэл санааг хүндэтгэн дээдэлж, оролцогч орнуудын онцлог шинж чанарыг
шингээн тамирчдын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бататган бэхжүүлж, амжилт
бүтээлээр дүүрэн оролцохыг уриалсан энэхүү наадамд оролцогч баг тамирчид хөнгөн атлетик, усан спорт,
бадминтон, сагсан бөмбөг /3x3, 5x5/, бокс, хөлбөмбөг, волейбол, E-Sports, таеквондо,
ширээний теннис, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлүүдэд өрсөлдөх юм байна.