Xinhua: БНХАУ, Монгол Улс харилцаагаа бэхжүүлэх талаар өргөн хүрээний тохиролцоонд хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-09 12:01:56

УЛААНБААТАР. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад энэ сарын 7-8-ны өдрүүдэд айлчлах хугацаанд хоёр орон өргөн хүрээний тохиролцоонд хүрлээ.


Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй даваа гарагт уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Улаанбаатарт хоёр жилийн өмнө айлчилснаас хойш олон нааштай өөрчлөлт гарсныг онцлоод, найрсаг хөршийн хувьд Хятад улс нь Монголын хурдацтай ахиц дэвшлийг баяртайгаар харж, цаашид улам хөгжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэжээ.


Ван И айлчлалынхаа үеэр хоёр талын хүрсэн тохиролцооны талаар танилцуулахдаа,

  • “Өнөөгийн ээдрээтэй, байнга өөрчлөгдөж буй олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд Хятад, Монгол Улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна.
  • Хоёр тал “Бүс ба зам” санаачилга болон Монголын “Талын зам” хөгжлийн стратеги, "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, Хятадын хоёр үе шат бүхий стратеги төлөвлөгөө, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого зэрэг гурван чиглэлийг хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх хөдөлгөх хүч болгон гүнзгийрүүлэх хүсэлтэй байна.
  • Мөн хоёр тал харилцан бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хоёр талын язгуур ашиг сонирхлыг харилцан хүндэтгэхээ дахин нотоллоо.
  • Тогтвортой байдлаа хадгалж, хөгжилд анхаарч, улс орныхоо нөхцөл байдалтай уялдуулан хөгжлийн замыг эрэлхийлэхэд БНХАУ Монгол Улсыг дэмжиж байна. Мөн Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай баримталж, Тайвань, Төвөд, Шинжаан, Хонконг зэрэг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг Хятад улс сайшааж байна.
  • Хоёр тал хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтуудыг нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийлэв.
  • Хоёр тал мөн Монгол Улсад нээлттэй байдлаа тэлэх, эрчимтэй өсөлтөд хүрэхэд чухал хувь нэмэр оруулах Ганцмодны боомтоор хил дамнасан төмөр замын тээвэр хийх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • Талууд мөн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбаруудад үлгэр жишээ болохуйц төслүүдийг хэрэгжүүлж, хамтын хөгжил дэвшилд хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргахаар тохиролцов.
  • Хятад, Монгол Улс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх амлалт өглөө. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэрлэх байгууламж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал нэгдлээ.
  • Үүний зэрэгцээ хоёр тал ойжуулах, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр боллоо. Хятад улс нь нэг тэрбум мод тарих Монголын төлөвлөгөөг өндрөөр үнэлж байгаа бөгөөд Хятад улсын хувьд ч мөн ирэх 10 жилийн хугацаанд 70 тэрбум мод тарих санал дэвшүүлээд байна. Иймд хоёр орон эх нутгаа ногооруулж, ногоон тал, хөх тэнгэрээ хамгаалахад харилцан бие биеэ дэмжинэ гэдэгт Хятад улс найдаж байна.
  • Хятад, Монгол Улс нь мөн “COVID-19” цар тахалтай тэмцэх, ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалах чиглэлд өрнүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцож, хоёр улсын хоорондын шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, Монголын оюутнуудыг Хятадад эргэн ирж танхимаар үргэлжлүүлэн хичээллэхийг дэмжив.
  • Хоёр орон олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзэл санааг баримтлан нээлттэй олон улсын санаачилгыг дэмжиж, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг дэмжин улс орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахаа илэрхийллээ” гэж тэрбээр онцолсон байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ мөн тус улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон билээ.

 

Связанные новости