Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоож байгаагаа Хятадын тал мэдэгдсэн тухай NHK телевиз мэдээлсэн байна. Тайванийн талаар Ерөнхий сайд Такаичи Санаэгийн хэлсэн үгнээс үүдэлтэйгээр ийм шийдвэр гаргажээ.
Гэхдээ Хятадын талын мэдэгдэлд түүний хэлсэн үгийн талаар дурдаагүй байна.
Харин түүний оронд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сүйдсэн “Фүкүшима-1”
атомын цахилгаан станцад хуримтлагдсан цэвэрлэсэн болон шингэрүүлсэн усны
асуудалд санаа зовниж байгаагаа дурджээ.
2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн үеэр хайлсан түлшийг
хөргөхөд ашиглаж байсан ус нь бороо, гүний устай холилдсоор иржээ. Тийнхүү хуримтлагдсан
уснаас ихэнх цацраг идэвхт бодисыг нь цэвэрлэж байгаа боловч
тритий агуулагдсан хэвээр байгаа юм. Станцын оператор компани цэвэрлэсэн усыг
далайд асгахаасаа өмнө тритийн түвшнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ундны
усны стандартын түвшний долооны нэгтэй тэнцэх хэмжээнд хүргэж шингэрүүлж байгаа
ажээ.
Хятадын тал 2023 оны наймдугаар сард Японы далайн
бүтээгдэхүүний импортыг түр зогсоосон юм. Тэгвэл энэ оны зургаадугаар сард Хятадын тал Фүкүшима, Мияги зэрэг 10 тодорхой мужаас бусад газраас
нийлүүлэх Японы бүтээгдэхүүнд тавьж буй хязгаарлалтуудаа цуцална гэдгээ мэдэгдсэн юм.
Т.Санаэ энэ сарын эхээр парламентад үг хэлэхдээ, Тайваньтай
холбоотой цэргийн онцгой байдлыг Японы үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг
хэмээн үзэх болно гэж мэдэгдсэн билээ. Харин Бээжин үүнд эрс хатуу хариу үйлдэл
үзүүлж, хэлсэн үгээ буцаахыг шаардсаар байна.
Связанные новости
Ulaanbaatar