М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө алдарт бөх Таха Акгюльтэй хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-16 05:28:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д хүчээ сорьсон ОУХМ М.Лхагвагэрэл хагас шигшээд Гүржийн бөх, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Гено Петриашвилиг 4:2-оор яллаа.


Ийнхүү Монголын бөх, эрчүүдийн хамгийн хүнд жингийн Дэлхийн аваргын алтан медалийн төлөө өнөөдөр Туркийн алдарт бөх Таха Акгюльтэй хүч үзэхээр болов.


Өчигдөр  /2022.09.15/ чөлөөт бөхийн "Белград-2022" ДАШТ-ий эрэгтэйчүүдийн барилдаан эхэлж, 70, 79, 86, 125 кг жингийн урьдчилсан барилдаанууд болж шилдгүүдээ тодруулсан юм.


Энэ удаагийн ДАШТ-д М.Лхагвагэрэл 1/8 финалд 2021 оны Исламын орнуудын наадмын хүрэл медальт бөх Узбекистаны Хасанбой Рахимовтой барилдах байсан ч Хасанбой гэмтсэн учраас гарч барилдаагүй. Тэрбээр шөвгийн наймд 2021 оны Ази тивийн аварга Казахстаны Олег Болтиныг ялж, хагас шигшээд Гүржийн Гено Петриашвилитай таарсан юм. М.Лхагвадорж 2021 оны Ослогийн ДАШТ-д түүнд ялагдаж байсан бол энэ удаад Белградын дэвжээн дээр 4:2-оор ялж, өнгөрсөн жилийн дэлхийн медалийнхаа өнгийг хувиргах нь ийнхүү тодорхой болоод байна.


Дэлхийн аваргын төлөө өнөөдөр хүч үзэх Туркийн бөх Таха Акгюль өчигдөр Ираны Амир Заре-тай маш хүнд барилдаан хийж ялснаар финалд шалгарсан.


Таха Акгюль бол Риогийн олимпын аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (Ташкент-2014, Лас-Вегас-2015), ДАШТ-ий хос мөнгөн медальт (Париж-2017, Нур-Султан-2019), хос хүрэл медальт (Будапешт-2013, Осло-2021), 2015 оны Европын наадмын аварга, Европын 8 удаагийн аварга (2012, 2013, 2014, 2017, 2018, 2019, 2021, 2022) алдартай бөх юм.

 

Ташрамд, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо(UWW)-ны эрэгтэйчүүдийн 125 кг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч 10 бөхийг та бүхэнд танилцуулж байна.


1. Гено Петриашвили (Гүрж) – 102400; 2. Таха Акгуль (Турк) - 88200; 3. Амир Заре (Иран) - 87200; 4. М.Лхагвагэрэл (Монгол) - 70600; 5. Гейбл Стивсон (АНУ) – 51000; 6. Ник Гваздовский (АНУ) - 38800; 7. Олег Болтин (Казахстан) - 37520; 8. Геннадий Кудинович (Герман) - 28000; 9. Юсуп Батырмурзаев (Казахстан) - 27440; 10. Хейден Зиллмер (АНУ) - 6400.

Связанные новости