Баруун аймгуудын чиглэлд автозам цасанд дарагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-10-07 20:14:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, АТҮТ, ТЦА-наас мэдээлснээр Архангай аймгийн нутаг дахь Цагаан даваа болон бусад давааны авто замын зорчих хэсэгт цас их орсоны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч зарим зорчих замыг хаагаад байна.


Тодруулбал, Архангай, Завхан, Увс аймаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14.00 цагаас түр хугацаанд хязгаарлажээ. 

Иргэд, тээвэрчид онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуй, тосоо сольж замд гарахыг анхааруулж байна.

Цаг агаар, замын нөхцөл байдлын сэрэмжлүүлэх мэдээгээр өнөөдөр буюу 10 дугаар сарын 7-нд Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Связанные новости