Хотын дарга Их аварга М.Даваажаргалыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо Мөнхбатын Даваажаргалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга
Г.Өсөхбаяр, “Хакүхо” сангийн дэд тэргүүн Б.Батжаргал нар байлцав.
1000 жилийн түүхтэй Японы үндэсний сүмо бөхөд 30-аас дээш
түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч, 45 удаа түрүүлэн, Японы Эзэн
хааны цомыг авсан цорын ганц бөх нь Хакүхо М.Даваажаргал юм. Тэрбээр мэргэжлийн
сүмо бөхийн дэвжээний эзэн, ояката болж, ирээдүйн шилдэг сүмочдыг бэлдэх
ажилдаа орон, шинэ замналаа үргэлжлүүлж байгаа билээ.
Мэргэжлийн сумо бөхийн 45 дахь түрүүгээрээ дээд амжилтыг тогтоож, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа Их аваргаар Хотын дарга бахархаж явдагаа уламжилж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.