Элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 1-р тогтоолын хүрээнд элэг ба элгэн дэх цөсний сувгийн болон элэгний гаднах цөсний суваг, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын, эмийн эмчилгээ түүний дараах хими, байн эмчилгээнд шаардагдах багаж хэрэгсэл, бусад хэрэглэгдэхүүний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж, иргэн төлбөр төлөхгүй байхаар зохицуулсан.
Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн найман сарын байдлаар элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээнд ЭМД-ын сангаас нийт 4.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, 857 иргэний амь аварч, амьдралын чанарыг дээшлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр улсын болон хувийн хэвшлийн 42 эрүүл мэндийн байгууллага гэрээ байгуулсан байна. Үүний 23 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.