Спортын удирдах ажилтны семинар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-02 16:19:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд спортын удирдах ажилтны сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.

 

Энэ удаагийн сургалт семинар 11 дүгээр сарын 2-5-нд аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн арга зүйчдийн дунд зохион байгуулж байна. Семинарт 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл  хамрагдаж байгаа бөгөөд семинарын нээлт өнөөдөр Олимпик хауст боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож үг хэллээ. “МҮОХ-ноос Олимпын зөвлөлүүдийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр буюу OVEP хөтөлбөрийг Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхэд Олимпын зөвлөлүүдийн арга зүйчдийн үүрэг, оролцоо чухал” гэдгийг онцолсон юм.

 

Энэ удаагийн сургалт семинар олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, ажлын хэлбэр, агуулга, аргачлалыг сайжруулах, спорт, олимпизмын хөдөлгөөнтэй холбоотой зааварчилгааг оролцогчдод хүргэх, хувь хүний хөгжил болон байгууллагын менежментийг сайжруулах зэрэг сэдвүүдийн хүрээнд болно.

 

МҮОХ-ноос Спортын удирдах ажилтны гарын авлага номыг монгол хэлнээ орчуулан гаргасан. Тус гарын авлагын сэдвүүдийн хүрээнд сургалт семинар зохион байгуулагдах юм.



Связанные новости