Барселона клуб Монголд хүүхдийн академи байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136 @gmail.com
2025-10-06 13:14:32

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубийн /FC Barcelona/ Ерөнхийлөгч Жоан Лапорта-тай Барселон хотноо уулзлаа.


Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жоан Лапорта монголын хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монгол Улсад 2026 онд “Barca Academy” буюу хүүхдийн хөл бөмбөгийн академиа байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв.


Энэхүү санаачилгыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хоёр тал хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар харилцан ойлголцолд хүрлээ.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Монголын спортын хөгжил болон хүүхэд, залуусын авьяасыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн уг шийдвэрийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, Барселона клубийн хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ “Spotify Camp Nou” цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын явц, клубийн бүтэц, музейн үйл ажиллагаатай танилцлаа.


Энэхүү уулзалт нь Монголын спортын хөгжилд шинэ гарц нээж, олон улсын жишигт нийцсэн хүүхэд, залуусын хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж ССАЖЗЯ мэдээлэв.


Связанные новости