“Баку-2022” Их дуулгаас Л.Сосорбарам мөнгө, Б.Цогт-Очир хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-05 17:07:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Баку-2022” Их дуулга тэмцээн баасан гарагт эхэлж /11.04/ бөгөөд Монголын жүдочдоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

 

Энэ удаагийн Их дуулгад Монгол Улсаа төлөөлөн 18 жүдоч өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам хэсгээ тэргүүлэн хагас шигшээд Узбекистаны Сита Кадамбоеваг ялснаар аваргын алтан медалийн төлөө мөн Узбекистаны жүдоч Диёора Келдиёороватай учраа таарч түүнд торгуулиар ялагдаж, мөнгөн медаль хүртжээ.

 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Б.Цогт-Очир хэсэгтээ Израилийн Матан Коколаевыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Азербайжаны Балабай Агаевд ялагдсан. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Дилшодбек Баратовыг, хүрэл медалийн төлөө мөн тус улсын Кемран Нуриллаевыг тус тус ялж хүрэл медалийн эзэн болов.



 

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Эрхэмбаяр хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан ч эхлээд Тажикстаны Мулоражаб Халифаевд дараа нь Испанийн Давид Гарсиа Торнед тус тус ялагдал хүлээснээр 5 дугаар байр эзэллээ.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү хүрэл медалийн төлөө Сербийн Милица Николичтой барилдан ялагджээ. мөн 57 кг-д Г.Мөнхтуяа Их Британийн Некода Смит-Дэвист ялагдан тэмцээнээ дуусгав.

 

Связанные новости