Т.Тулга Д.Кунаевын нэрэмжит ОУТ-ий 5 дахь Монгол аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны төр нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн 11 дүгээр сарын 3-5-нд Казахстаны Жамбул мужийн Тараз хотын “Тараз арена”-д боллоо.
Монголоос 4 бөх барилдсан бөгөөд өчигдөр ОУХМ З.Занабазар
57 кг жинд хүрэл медаль хүртсэн юм. Харин сүүлийн өдөр “Осло-2021” ДАШТ-ий
хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга 65 кг жинд алтан
медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр өчигдөр Тажикистаны Жамшид Шарифовыг 3:0-ээр,
2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Киргизийн Алибек Осмоновыг 6:0-ээр, 2021 оны
залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Бекзат Ермекбайг 13:2-оор тус тус
ялсан.
Тэгвэл өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд өмнө нь 2
удаа барилдаж ялагдаж байсан, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт,
Пан-Америкийн хошой аварга АНУ-ын Жозеф Маккенаг 8:2-оор ялав.
Т.Тулга тус тэмцээнд түрүүлсэн Монголын 5 дахь аварга
болж байна. Өмнө нь гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин
Г.Мандахнаран 2014, ОУХМ О.Үйтүмэн 2014, 2018 онд, ОУХМ Т.Түвшинтулга 2019 онд
түрүүлж байв. Д.Кунаевын нэрэмжит тэмцээнд Монгол, Казахстан, АНУ, Бахрейн, Киргиз,
Узбекистан, Тажикистан улсын бөхчүүд хүчээ сорьсон юм.