“Буянт-Ухаа” спортын ордны их засвар, үйлчилгээ хийгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Буянт-Ухаа” спортын ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар их засвар, хөрөнгө оруулалт 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, засвар үйлчилгээ хийж байна.
Засвар үйлчилгээний ажлын хүрээнд тус ордны их танхимын
засвар, шалыг бүхэлд нь солих юм байна. Мөн хэвлэлийн бага хурлын өрөө, VIP
зочдын өрөө, үзэгчдийн суудлын ард дуу шингээх хана хийх бөгөөд давхар цонх
хийж дулаалах юм байна.
Спортын ордны гадна орчны тохижилт, автозам тавих зэрэг
олон төрлийн засварын ажил амжилттай хийгдэж байгаа аж.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Буянт Ухаа” спортын ордон ТӨААТҮГ-ын засвар үйлчилгээний төслийн явцтай 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, БТСУХ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Долгион, БХБЯ-ны Барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлт, чанар аюулгүй байдлын бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Баярбаатар, Сангийн Яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Н.Сансармаа нарын холбогдох албаны хүмүүс очиж танилцсан юм.
Энэ үеэр “Буянт-Ухаа””спортын ордны Захиргаа, санхүүгийн
албаны дарга Н.Баатаргэрэл, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Т.Сэлэнгэ,
Техникийн албаны дарга Т.Занданбат, БНХАУ-ын талаас “Жүнгнан архитектур
дизайны хүрээлэн” ХХК-ийн төслийн удирдах ажилтан Ян Шао Мо, БНХАУ-ын засвар
үйлчилгээний төслийн удирдагч Жао Чи нарын зэрэг албаны төлөөлөгчид байлцав.
Ташрамд дурдахад, энэхүү спортын ордныг барих ажлыг Монгол-БНХАУ-ын Засгийн газрын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хүрээнд байгуулснаар, бүтээн босголт эхэлж 2010 онд бүрэн ашиглалтад орсон юм.