Дэлхийн аварга боксчинд 200 мянган ам.доллар амаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-09 09:04:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 1-нээс 14-нд Узбекистан улсын Ташкент хотод болно.


Монголын боксчид бараг хагас жилийн дараа Ташкент хотноо болох ДАШТ-д хүчээ сорих шигшээ багийг бүрдүүлэх баг тамирчдыг сонгон шалгаруулах том сорил болсон тивийн АШТ болон дэлхийн цом тэмцээнд хүчээ сорьсон тамирчид ур чадвар өндөр түвшинд хүрсэн гэдгээ харуулж байна.


Ийнхүү олон шинэ залуу тамирчид гарч ирж байгаа нь манай тамирчдын өрсөлдөөнийг илүү чанаржуулж дэлхийн ринг дээр Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах цөөнгүй боксчид төрөх боломж байна.


Ирэх онд болох “Ташкент-2023” ДАШТ-ий шагналын сан нь өндөр байгаа нь тамирчдын урам зориг, хүч, боломжоо дайчлах том хөшүүрэг болж байгаа аж.


"Сонирхогчдын боксын түүхэнд анх удаа ДАШТ-ий шагналын сан 5,2 сая ам.доллар боллоо” гэж Олон улсын сонирхогчдын боксын холбоо /IBA/-ны тэргүүн Умар Кремлев Дубайд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдсэн юм.


Тухайлбал, “Ташкент-2023” ДАШТ-ий аварга болсон тамирчинд 200 мянган ам.доллар буюу 680 сая шахам төгрөгөөр урамшуулах юм байна. Харин мөнгөн медаль хүртсэн тамирчинд 100 мянган ам.доллар, хүрэл медальтнуудад 50 мянган ам.долларын шагнал амалжээ.

Связанные новости