Энэ онд спортын 30 барилга байгууламж баригдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-09 10:06:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос спортын хөрөнгө оруулалтын барилгын ажлыг хариуцан 2022 онд улсын хэмжээнд 30 спортын барилга байгууламжийн төслийн захиалагчийн үүргийг гүйцэтгэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тодорхой ажлыг хэрэгжүүлж байна.


Тус барилга байгууламжуудын 15 барилга нь спортын цогцолбор /үүнээс 7 барилга нь усан бассейнтай/, 15 нь спортын заалны зориулалтай баригдаж байна.


Эдгээр байгууламж нь Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Увс, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Улаанбаатар /Хан-уул, Налайх, Баянзүрх, Сүхбаатар, Багахангай дүүрэг/ зэрэг 17 аймаг, нийслэлийн дүүрэгт баригдаж байгаа.


БТСУХ-ноос 12 аймагт барилгын ажлын хяналтаа мэргэжлийн түвшинд явуулж байгаа эсэх болон гүйцэтгэлийг газар дээр нь очиж танилцаж барилгын компаниудтай байнгын холбоотой ажиллажээ.


Мөн энэ онд Ховдын Мянгад, Увсын Тариалан, Хэнтийн Дадал суманд спортын заалыг ашиглалтад оруулаа. Удахгүй Архангайн усан бассейн, Дархан-Уул аймгийн 2200 хүний суудалтай спорт цогцолбор, Баянхонгор аймгийн спорт цогцолбор зэрэг удааширсан барилгуудыг оны сүүлчээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


БТСУХ-нд барилга хариуцсан инженер шинээр авч, энэ чиглэлийн ажлыг даалган, мэргэжлийн байгууллагууд, гүйцэтгэгч компаниудтай ойр ажиллах боломжийг бүрдүүлсэнээр спортын салбарын хөрөнгө оруулалт нь одоогийн байдлаар 60 гаруй хувийн хэрэгжилттэй байгаа юм байна. 

Связанные новости