И.Маск “Twitter”-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэх эсэх талаараа санал асуулга явуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-12-19 16:25:38

ВАШИНГТОН. /BBC/. Twitter” компанийн эзэн Илон Маск компанийнхаа гүйцэтгэх захирлын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх эсэх талаараа тус нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулж байна. 


Тэрбээр 122 сая дагагчийнхаа дунд явуулж буй санал асуулгадаа, “Twitter”-ийн тэргүүний албан тушаалаасаа огцрох эсэх талаар асуугаад, миний бие санал асуулгын дүнг дагана хэмээн бичжээ.


Tesla”, Space X” компанийн гүйцэтгэх захирлыг албыг мөн хашдаг И.Маск “Twitter”-ийг худалдаж авснаасаа хойш ихээхэн шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. Тэрбээр 10 дугаар сард тус компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсан билээ.


Даваа гаргийн өглөөний байдлаар, И.Маскийн санал асуулгад 13 сая гаруй хүн оролцсоноос 57 хувь нь түүнийг албан тушаалаасаа огцрохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.


Лос-Анжелес хотноо төвтэй “Wedbush Securities” фирмийн шинжээч Дэн Айвз “BBC” телевизэд мэдээлэл өгөхдөө, санал хураалт И.Маскийг “Twitter”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцроход хүргэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


И.Маск нийгмийн сүлжээний компанийг худалдан авснаасаа хойш маргаан дагуулсан олон өөрчлөлтийг хийсэн юм. Тухайлбал, “Twitter”-ийн ажилтнуудын тэн хагас орчмыг ажлаас нь халж, хаягийг баталгаажуулах тэмдэгтэй холбоотой өөрчлөлт хийхийг оролджээ. Мөн контентыг зохицуулахтай холбоотой арга барил нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн байна.  


Өнгөрсөн баасан гарагт И.Маск нийгмийн сүлжээний компанийнх нь талаар сурвалжилж байсан хэд хэдэн сэтгүүлчийн хаягийг хаах шийдвэр гаргасан явдлыг НҮБ, Европын Холбоо /ЕХ/ зэмлэн буруушаажээ. Хаягаа хаалгасан сэтгүүчдийн дунд “New York Times, CNN”, Washington Post”-ын ажилтнууд байжээ. Хожим нь тэдний хаягийг сэргээсэн байна.


НҮБ уг хэрэг явдалтай холбогдуулан Twitter” хуудсандаа, хэвлэлийн эрх чөлөө бол “тоглоом биш” хэмээн нийтэлсэн бол ЕХ “Twitter”-ийн эсрэг хориг арга хэмжээ авахад хүрч болзошгүй гэдгийг анхааруулжээ. 

Связанные новости