ӨВӨРХАНГАЙ: Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн 89 хувийг, сумд аюулгүйн нөөцийнхөө 81 хувийг дуусгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан
хуралдаж, малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр шийдвэр гаргалаа.
Хуралд 19 сумын Засаг дарга оролцож, хөдөө аж ахуйн өвөлжилтийн байдал, отрын малчдынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Хоёрдугаар сар гарсаар аймгийн нийт нутаг дэвсгэрт цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна.
Одоогоор малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн 89 хувийг, сумд аюулгүйн нөөцийнхөө 81 хувийг дуусгажээ. Аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд Засгийн газрын баталсан хэмжээнээс 100 тонн тэжээл нэмж бэлтгэсэн боловч өвөлжилт хүндэрсэн 12 суманд олгоод байна. Мөн бусад 14 аймгийн 80 суманд оторлож байгаа 803 малчин өрхөд нийт дүнгээр 56 сая төгрөгийг өвс, тэжээлийн дэмжлэг болгон шилжүүлж байна.
Засгийн газрын тогтоолоор манай аймагт 778 тонн хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй
үнээр нийлүүлснийг бүх суманд хуваарилан өгсөн.
Энэ удаагийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр 300 гаруй тонн өвсийг аймагтаа өвөлжиж байгаа малчин өрхүүдэд хөнгөлөлтэй үнээр, мөн нэг суманд 8 хайрцаг буюу 1 кг-аар савласан 160 ширхэг малын витаминыг үнэгүй олгохоор шийдвэрлэлээ. Онцгой комиссын гишүүд хэлэхдээ “Одооны хивэг нь гурилын хольцгүй цагаан хальс төдий болсон болохоор мал өвс, тэжээлээс илүү эрдэс бодисын дутагдалд орсон. Тиймээс малд өгч байгаа хивэг, тэжээлээ нэмэлт эрдэс бодис, витаминаар баяжуулах нь чухал гэдгийг малчдад ойлгуулж хэлмээр байна” гэв.