Туркийн эдийн засагт учирсан хохирол 84 тэрбум ам.доллароос давж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
АНКАРА. /Bloomberg/. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркийн эдийн засагт 84 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний хохирол учирчээ. Энэ тухай “Bloomberg” агентлаг Бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон тус улсын бизнесийн хүрээний төлөөлөгчдийн тооцоонд үндэслэн мэдээлэв.
Бизнесийн бүлгийнхний тооцоолсноор, Туркийн орон сууцны барилгын салбарт 70.8 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Газар хөдөлсний уршгаар мөн тус улсын төсвийн орлого 10.4 тэрбум ам.доллароор буурахад хүрэхээс гадна, ажиллах хүчний алдагдал эдийн засагт нь 2.9 тэрбум ам.долларын хохирол учруулна гэж тооцоолжээ.
Бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны тооцоо бусад эдийн засагчдынхаас их байгааг “Bloomberg” онцолжээ. Гамшгаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэж магадгүй гэдэгтэй мөн олон шинжээч санал нэг байна.
Туркийн хөрөнгийн бирж сүйтгэлт газар хөдлөлттэй холбоотойгоор тус улсын компаниудын хувьцаа унах эрсдэлээс зайлсхийхийн тулд хоёрдугаар сарын 14-ний оройг хүртэл арилжаагаа зогсоосон талаар “NTV” телевиз урьд нь мэдээлжээ.
Ойрхи Дорнодын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, Турк, Сирид хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 33 мянга давсан байна.