МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Хятадын тал санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-12 12:20:03

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 12 /Xinhua/. Хятадын газрын ховор элемент болон холбогдох бүтээгдэхүүнүүдийн экспортод хяналт тавих арга хэмжээ бол хууль ёсны арга хэмжээ юм гэж БНХАУ-ын Худалдааны яам өнөө өглөө мэдэгдээд, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээний замаар зохицуулахыг АНУ-ын талд уриалжээ. 


Хятадын тал хариуцлагатай орны хувьд дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон олон улсын тавцанд хүлээсэн бусад үүргээ биелүүлэхийн тулд хуулийн дагуу холбогдох бараа бүтээгдэхүүнд экспортын хязгаарлалтыг хэрэгжүүлдэг гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэлсэн байна.


“Хятадын экспортын хязгаарлалт нь экспортын хориг биш” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлээд, уг арга хэмжээг зарлахаас өмнө Хятадын тал экспортын хязгаарлалтын яриа хэлэлцээний механизмаар дамжуулан холбогдох улс орон, бүс нутгуудад мэдэгдээд байсан гэдгийг онцлон тэмдэглэжээ. Манай улс дэлхийн бусад улс оронтой экспортын хязгаарлалттай холбоотой яриа хэлэлцээг эрчимжүүлж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдлыг илүү сайн хамгаалахад бэлэн байна гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлсэн байна.


Харин Хятадын бараан бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах, бүх чухал программ хангамжийн экспортод хяналт тавих тухай АНУ-ын талаас хийсэн мэдэгдэлтэй холбоотой асуултад хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, Америкийн тал урт хугацааны туршид үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэтрүүлж, экспортын хяналтыг урвуулан ашиглаж, Хятадын эсрэг ялгаварлан гадуурхах арга хэмжээ авч, хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж, чип зэрэгт нэг талыг баримталсан төрөл бүрийн арга хэмжээ авч байна гэжээ.


Ялангуяа Хятад-АНУ-ын төлөөлөгчид есдүгээр сард Мадрид хотноо эдийн засаг, худалдааны хэлэлцээ хийснээс хойших 20-хон хоногийн дотор Хятад руу чиглэсэн шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авсныг тэрбээр дурдаад, Америкийн явуулж буй үйл ажиллагаа нь Хятадын эрх ашгийг ноцтойгоор хохироож, хоёр талын эдийн засаг, худалдааны яриа хэлэлцээний уур амьсгалыг сүйтгэж байгаа тул Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна хэмээн цохон тэмдэглэсэн байна.


“Өндөр татвар ногдуулна хэмээн санаатайгаар заналхийлэх нь Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд ашиглах зүй зохистой арга биш юм. Худалдааны дайны талаарх Хятадын байр суурь тууштай хэвээр байна. Тодруулбал, бид үүнийг хүсэхгүй байгаа боловч түүнээс айхгүй байна” гэж хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.


Иймд буруу арга барилаа нэн даруй засаж залруулж, хоёр орны төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэрээ хүрсэн зөвшилцлийг баримталж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн механизмыг үргэлжлүүлэн ашиглахыг Хятадын зүгээс АНУ-д уриалж байна. Харилцан бие биеэ хүндэтгэсэн, эрх тэгш зөвшилцлийн үндсэн дээр хийсэн яриа хэлцлээр дамжуулан холбогдох асуудлуудыг шийдвэрлэж, санал зөрөлдөөнөө зохицуулснаар Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа тогтвортой хөгжих болно гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.


“Хэрэв АНУ буруу замналаар үргэлжлүүлэн замнавал Хятад улс хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ авах нь гарцаагүй юм” гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлсэн байна. 

Связанные новости