Содон үйл явдлаар дүүрэн ширэн бээлийтнүүдийн тэмцээн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ удаад олон шинэ содон үйл явдлаар түүхийн хуудсаа баяжууллаа. Боксын УАШТ-ий эргэн тойронд болсон эдгээр үйл явдлаас хүргэж байна.
Сөүл-1988" олимпийн хүрэл медальт, XX зууны шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин Нэргүйн Энхбат агсны найз нөхөд нь санаачлан энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий сүүлийн өдөр шилдэг техниктэй боксчны шагналыг анх удаа олгосон юм. "Том"-ын нэрэмжит уг шагналыг цаашид жил бүр уламжлал болгон олгох бөгөөд анхны эзнээр 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн, "Хилчин" спорт хорооны тамирчин Тэгшжаргалын Энхтөр тодров.
Монголын боксын түүхэнд “Том” хэмээн алдаршсан, дөрвөн олсны дунд үнэхээр том явсан Н.Энхбат агсныг мэдэхгүй спорт сонирхогч гэж үгүй. Тэр дэлхийн дайдад нэртэй, данстай ширэн бээлийтэн байсан. "Сөүл~1988" олимпийн наадмын цорын ганц хүрэл медалийг хүртэж, эх орноо аварч явсан иртэй эр. БНМАУ-ын хамгийн сүүлчийн "Спортын гавъяат мастер" Н.Энхбатын нэрэмжит хамгийн шилдэг ур чадвар, өндөр техниктэй тамирчны тусгай шагналыг хэдэн нөхөд нь санаачилж, яг түүний гялалзаж явсан 60 кг-д түрүүлсэн тамирчинд ийнхүү олгожээ. Шагнал гардуулах үеэр Н.Энхбат агсны найз олноо “Олимп Ото” хэмээн алдаршсан МУСГЗ Ж.Отгонцагаан “Боксын рингэнд бүжиглэж, босоо алдраа мандуулсан домогт боксчин андын минь нэрэмжит "Том трофи" нь цаашдаа уламжлал болж , улам нэр хүндтэй, хүсэн хүлээcэн шагнал байх болно” гэдгийг хэлсэн байна. "Том трофи"-гийн анхны шагналын эзэн нь нэрт боксчин Н.Энхбат агсантай нэг нутаг байж таарсан нь зүгээр ч нэг тохиол биш байх.
Нөгөө нэг сонирхолтой үйл явдал нь нэг айлын 4
хүү энэ удаагийн УАШТ-ий 48, 51, 54, 57 кг-ын жинд өрсөлдөж, том хүү ОУХМ
Х.Энх-Амар нь 10 дахь удаагаа улсын аваргаар тодорч, хоёр дахь хүү ОУХМ
Х.Энхмандах нь 5 дахь удаагаа түрүүлсэн байна. Харин гурав дахь хүү болох
спортын мастер Х.Билгүүнсайхан нь аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөөд
мөнгөн медаль зүүжээ. Хамгийн бага хүү Х.Дөлгөөнсайханы хувьд анх удаагаа
оролцсон УАШТ-ээс хараахан медаль хүртэж чадсангүй. Тэд армийн
"Алдар" спорт хороонд харьяалагддаг бөгөөд Монгол Улсын гавьяат
дасгалжуулагч Аабатын Гантулга, ОУХМ Жигжидийн Отгонбаяр нарын шавь нар аж. Урьд
нь тохиолдож байгаагүй энэ үйл явдал өөрөө Монголын боксын түүхэнд гэрэлт нэгэн
хуудсыг нээж байгаа юм.
Үүнтэй адил зүйл Монголын спортын түүхэнд гарч байсан. Гэхдээ чөлөөт бөхөд. 1990-ээд оны эхэн үед Монголын спортод Цэрэнбаатар гуайн 4 хүү чөлөөт бөхөөр амжилттай барилдаж явсан удаатай. Тэд бол МУГД, өдгөө “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин, МУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Энхбаяр мөн ДАШТ-ий шагналт байрын эзэн, Ц.Тэгшбаяр агсан нар юм. 1992 оны Барселоны Олимпийн наадамд ах дүү гурав Ц.Хосбаяр 48 кг-д, Ц.Энхбаяр 52 кг-д, Ц.Цогтбаяр 57кг-д зодоглосон түүхтэй. Ц.Цогтбаяр гавьяат 1992 оны Барселоны олимпд шагналт байранд шалгарч байсан. Мөн 1993 оны Торонтогийн ДАШТ-д амжилттай барилдаж, хүрэл медаль зүүсэн. Ц.Цогтбаяр Олимпийн наадамд шагналт байр, ДАШТ-д хүрэл медаль хүртсэн бол 1994 онд Хирошимад болсон Азийн Спортын наадмаас чөлөөт бөхөөр алтан медаль, 1998 оны Бангкокд хүрэл медаль хүртжээ. Тиймдээ ч 1993 оны Дэлхийн шилдэг бөхөөр шалгарч байсан амжилттай. Ах дүү гавьяатууд олон тэмцээн уралдаанд хамтдаа шагналын тавцанд гарч байжээ. МБАТ-ий спартакиадаар хоёр нь алтан медаль, хоёр нь мөнгөн медаль хүртэж байсан бол, “Монгол говь” тэмцээн болон УАШТ-нд гурван нь түрүүлсэн, Азийн АШТ-д ах Ц.Хосбаяр нь мөнгө, дүү Ц.Цогтбаяр нь алтан медаль хүртсэн гээд олон олон баярт мөчийг хамтдаа хуваалцаж байсан бахдам сайхан хувь тавилантай.