Сүүлийн хоёр жилд сүрьеэгийн халдварын 214 тохиолдлыг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-04-11 16:07:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдварт өвчин судлалын үндэсний төв БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийн хэрэгжилт, төслийн хүрээнд хийсэн ажилтай танилцах уулзалт ХӨСҮТ-д өнөөдөр боллоо.  


2015 оноос хойш хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулахаас гадна эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулж, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг үе шаттай хийж ирсэн юм.


Уулзалтад Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Наранзул, Үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргал, БНСУ-ын "GDC consulting" ХХК-ийн захирал  Ли Кечун тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.


Уулзалтын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, "Уг төслийн хүрээнд бид Улаанбаатар хотын хоёр дүүргийн 50 000 орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлгийн үзлэгт хамруулсан. Өмнө нь хоёр дүүрэгт энэ төслийг хэрэгжүүлдэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй үзлэг хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнд эрт илрүүлгийн үзлэг хийж, 214 иргэн сүрьеэ өвчний халдвартайг олж илрүүлэн, хяналтдаа авч эмчилгээ эхэлсэн. Төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн асуудал буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг нэвтрүүлсэн. Мөн далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна бид эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байна. Үүнээс гадна СҮСН-тэй хамтран таван удаагийн олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь хурлаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна" хэмээн төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцуулав.


Төсөл хамтран хэрэгжүүлэгч "GDC consulting" ХХК-ийн захирал Ли Кечун төслийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид эрт илрүүлэг үзлэгийг идэвхтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.


Связанные новости