ХЭНТИЙ: Бизнесийн гараагаа амжилттай эхлүүлж буй хоёр иргэнийг дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-12 07:20:03
Чингис /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилсан “Амжилтын гараа” төслийн уралдааны дүн гарч, хоёр иргэнд тус бүр 10 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Тус уралдаан гарааны бизнесээ эхлүүлж буй залуучуудад эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг олгох, орон нутагт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой. Нийтдээ 18 төсөл ирсэн бөгөөд аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Ж.Батжаргалын “Хэнтий брэнд багц бүтээгдэхүүний төсөл”, Хэрлэн сумын гуравдугаар багийн иргэн Д.Эрдэнэболдын “Street food” төслүүдийг шалгаруулжээ.
Төслийн дэмжлэгийг тухайн иргэний данс руу хийхгүй бөгөөд төсөлд тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах газар руу нэхэмжлэхийн дагуу шилжүүлэн өгөхөөс гадна тодорхой хугацааны дотор төслөө хэрэгжүүлж, үр дүнгээ гаргах талаар төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах аж. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг эргүүлэн нэхэмжилж, дараагийн иргэнд боломж олгох гэнэ.
Мөн хог хаягдлыг ангилан ялгах дахин боловсруулахтай холбоотой төсөл гурван иргэнээс илүүлснийг ХБТХОХ-ээс судалж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээнд хамруулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Харин хөрсгүй тариалалт буюу улаан буудайн үрийг найм хоногт ургуулж, малын тэжээлийг бэлтгэх агуулгатай төслийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар шилжүүлж, энэ төрлийн бизнес эрхэлдэг ААН, иргэдтэй холбож өгөхөөр болсон байна.
Бусад төслүүдийн хувьд дийлэнх нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж авах, мөн нэг удаагийн шинжтэй цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад бизнесийн хувьд үр ашигтай биш гэж үзсэн тул хасагджээ.

Связанные новости