ХЭНТИЙ: "Их хаадын үр сад" баримтат киног англи хэлээр орчуулан үзэгчдэд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-14 07:25:50
Чингис /МОНЦАМЭ/ Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Их хаадын үр сад” баримтат уран сайхны киног Монгол Улсын Ардын жүжигчин Агваанцэрэнгийн Энхтайван найруулан, “Идуган энтертаймент" хийж байна. Тэрбээр өмнө нь Хэнтий аймгийн 80 жилийн ойд зориулсан баримтат киног бүтээж байсан юм.
Тус кинонд Хан Хэнтий аймгийн үүх түүх, түүхэнд нэрээ үлдээсэн алдар цуутай хүмүүсээс эхлээд өнөө үеийг хүртэл нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа эрхэм хүмүүсийн талаар, мөн газар нутгийнхаа онцлог шинж чанаруудыг зураглан үзүүлж, гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор англи хэлээр бүрэн орчуулгатай хийж байгаагаараа онцлогтой.
Зураг авалт өнгөрсөн намраас эхэлж, 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр түүхийн дурсгалт газруудад зураг авалт хийж, тавдугаар сарын сүүлийн долоо хоногт багтаан урьдчилсан кино үзлэг хийх аж. Энэхүү киног нутаг орноо гэсэн сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар бүтээж байна.
Связанные новости