Их Британид пуужин харвах чадалтай нисгэгчгүй онгоц туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ЛОНДОН. /BBC/. “Flyby Technology” компани алсын удирдлагат пуужингаар цохилт өгөх чадалтай “Jackal” нисгэгчгүй онгоцоо Их Британид амжилттай туршжээ.
Английн Йорк хотод төвтэй тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, 130 км-ийн нислэгийн хүрээтэй, далавчны урт нь 5 метр, 108 км/цагийн нислэгийн хурдтай, олон зориулалттай нисгэгчгүй онгоц нь эзэн хааны Агаарын цэргийн хүчинд зориулж зургаан долоо хоногийн турш явуулсан туршилтаар лазерын чиглүүлэгчтэй, 1.5 Махын хурдтай “Martlet” пуужингуудыг 6 км хүртэлх зайд газар дээр болон агаарт байгаа бай руу харвах чадалтай болохоо харуулсан байна. “Martlet” нь Францын цэрэг-аж үйлдвэрийн “Thales” группийн Белфаст дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн пуужин аж.
Нислэгийн өндөр нь 4 мянган метрт хүрдэг “Jackal” нисгэгчгүй онгоцыг явган цэрэг, танк, бусад нисгэгчгүй онгоц болон нисдэг тэрэгний эсрэг байлдааны талбарт ашиглах боломжтой гэж компанийн мэдэгдэлд онцолжээ. “Flyby Technology” уг нисгэгчгүй онгоцоо бүтээхдээ Туркийн “Fly BVLOS Technology”, “Maxwell Innovations” компаниудтай хамтарсан байна.