Дэлхий нийт хамтын хэрэглээний эдийн засагт шилжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ, ШУА-аас зохион
байгуулж буй “Эрдэмтдийн үг” цуврал лекцээр өнөөдөр Эдийн засгийн шинжлэх
ухааны доктор, академич Б.Батхишиг “Шинэ эдийн засаг” сэдэвт илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ, шинэ эдийн засаг гэдэг бол мөн чанартаа мэдлэгийн эдийн
засаг юм гэдгийг тодотгож, дэлхий нийт энэ хандлага руу чиглэж буйг онцоллоо.
Өдгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон үйлчилгээ үзүүлэхэд мэдлэг буюу оюуны капиталыг бүх нийтээр түлхүү ашиглаж байна. Онцлог нь хуучин эдийн засгийн нөхцөлд үйлдвэрлэлд нэгд, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл буюу хөдөлмөрийн хэрэгсэл хэрэглэж, хоёрт, түүхий эд, материал буюу хөдөлмөрийн зүйл бүтээж, гуравт, энд ажиллах хүч оролцдог байсан бол одоо эдийн засгийн хүрээнд үйлдвэрлэлд мэдлэг гэсэн шинэ дөрөв дэх орц орж буйг тэмдэглэн хэлсэн юм. Энд тэрбээр АНУ-ын Цахиурын хөндийд байгуулсан мэдээлэл, технологийн компаниудаар жишээ татаж байлаа. Хуучин ба шинэ эдийн засгийн ялгаа нь:
Мэдлэгийн эдийн засаг
дижитал эдийн засагт шилжиж байна. Энд их өгөгдөл (big
data), квантын технологи, блокчейн,
интернэт, үүлэн тооцоолох систем (Cloud Computing), мөн хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт, 3D технологийг түлхүү ашиглаж, интернэтийн үйлдвэрлэл
явагдаж буйг онцоллоо. Хамгийн сүүлийн жишээгээр метаверс хиймэл орчныг
дурдлаа. Эцэст нь академич Б.Батхишиг илтгэлдээ, шинэ эдийн засгийн нэг хэлбэр Эргэлтийн
эдийн засгийг танилцуулсан юм.
Эргэлтийн эдийн засаг нь материал, бүтээгдэхүүнийг ашиглах, дахин
ашиглах, засварлах, шинэчлэн засварлах, хамтран хэрэглэх, түрээслэх зэргээр
хамгийн үр ашигтай, хаягдал багатайгаар үйлдвэрлэл, хэрэглээг зохион байгуулах
загвар юм гэдгийг тодотгосон юм.
Эргэлтийн эдийн засаг нь:
- Хаягдал болон бохирдлыг арилгах,
- Бүтээгдэхүүн болон материалыг эргэн ашиглах,
- Байгалийн нөөцийг дахин сэргээх гэсэн зарчимд
үндэслэгдэхийг онцоллоо.
Шугаман буюу хуучин эдийн засагт байгалийн нөөцийг бүтээгдэхүүн
болгон хувиргаад, эцэст нь
хог хаягдал болгож дуусдаг. Харин
эргэлтийн эдийн засаг бол байгалийн нөөц ашиглалтыг багасгах, хаягдал гарахыг
зогсоох, ашигласан материал, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, дахин ашиглах,
шинэчлэн засварлахад бүр анхнаасаа чиглэж буйг тодрууллаа.
Хаягдал материал, эрчим хүчийг өөр зүйл үйлдвэрлэхэд
ашигласнаар тэдгээрийн үнэ цэнийг дахин өсгөнө гэдгийг тодотгосон юм. Шинэ эдийн засагт:
- Дижитал эдийн засаг,
- Эргэлтийн эдийн засаг,
- Хамтын хэрэглээний эдийн
засаг,
- Ногоон эдийн засаг
хамрагдаж байна.
“Эрдэмтдийн үг” цуврал лекцийн
өнөөдрийн илтгэлийг ШУА-ийн Философийн хүрээлэн, тус хүрээлэнгийн Бодлого
судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбар зохион байгууллаа.