Б.Лхагважав: 2026 онд Монгол-Италийн бизнес форумыг эх орондоо зохион байгуулахад бэлэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улсад хийсэн айлчлалын хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Гадаад харилцааны яам, Италийн хөрөнгө оруулалтын агентлагтай хамтран зохион байгуулсан Итали-Монголын бизнес форум Ром хотын “Вилла Мадам” ордонд боллоо.

Форумд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлэхдээ, “Монгол Улс байгалийн баялаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөн нөөцтэй. Харин Итали улс өндөр технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч туршлагатай. Эдгээр харилцан нөхөх давуу тал нь шинэ төслүүд эхлүүлэх, түншлэлийг гүнзгийрүүлэх суурь болно. Цаашид бизнес уулзалт, форумыг тогтмолжуулан 2026 онд Монголд зохион байгуулахад бэлэн. Хоёр орны бизнесүүдийг холбох, хамтарсан төсөл, инновацад суурилсан санаачилгуудыг дэмжих, бизнес уулзалт, форумыг тогтмолжуулах чиглэлээр Италийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэхэд бэлэн байна. Италийн түншүүдийг Монголын хөгжил, шинэ боломжуудтай танилцахыг урья” хэмээн ярилаа.
Тэгвэл Италийн зүгээс талуудын бизнесийн харилцааг бэхжүүлэх чухал платформ болохыг тэмдэглэхийн сацуу итали компанийн туршлага, инновацыг Монголын бизнесийн салбарт нэвтрүүлэх боломжийг дурдсан байна. Энэхүү форумд Монголоос 70 гаруй, Италиас 80 орчим бизнес эрхлэгч, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, арьс шир, ноос ноолуур, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар хэлэлцсэн байна. Уг форумыг зохион байгуулснаар хоёр талын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдлыг оролцогчид онцолжээ.
Энэ үеэр текстиль, хувцас, арьс шир, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон бусад тэргүүлэх салбарын хуралдаан болжээ.
Монгол Улсаас Итали руу ноос, ноолуур, арьс шир болон уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж, Италиас хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, машин механизм, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг өргөн нэр төрлийн бараа импортолж байна.
Италийн Ром хотод болсон бизнес форумын хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, тээвэр ложистик, ЖДҮ, ноос ноолуур болон арьс ширний салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлд МҮХАҮТ болон зарим салбарын холбоо Италийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ нь Монгол-Италийн эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж, үйлдвэрлэл, экспорт, хөрөнгө оруулалт, тээвэр ложистик, ЖДҮ болон хөнгөн үйлдвэрийн салбарт бодитой ахиц гарах эхлэл болох юм.







Ulaanbaatar