Манай орны баруун хойд хэсгээр ирэх сард хур тунадас ахиу орох төлөвтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-04-26 14:46:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай орны баруун хойд хэсгээр тавдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй.


Ирэх сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, сарын эхний 10 хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах ч сарын дунд болон сүүлчээр ахин сэрүүсэх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээлэв.

Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд нэмэгдэн, ширүүсэх аж. Харин 5 дугаар сарын эхний 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгийн нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, уулархаг газраар нойтон цас, говь, тал, хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна. Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын хэлбэлзэл их, малчин, тариаланч мал төллөх, хаврын тариалалтын үеийн шаардлагатай ажлуудыг бэлтгэж, хаврыг өнтэй давахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын мэдээг өдөр тутам авч, аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.



Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун, хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үе, хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүснэ. Арав хоногуудын дунд үеэр, сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсэж болзошгүй. 


Төвийн аймгуудын нутгаар. Өвөрхангай, Архангайн ихэнх, Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар мөн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэх төлөвтэй.  Хоёр, гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй. 


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёр, гуравдугаар 10 хоногийн эхэн үеэр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Арав хоногуудын зааг үеүдээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй. 


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Сарын эхэн үе болон арав хоногуудын зааг үеэр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн ихэнх хугацаанд хур тунадасны давтамж их байх магадлалтай, хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлчээр бороо орох төлөвтэй. Энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 17-19 м/с хүрч ширүүсэж болзошгүй. 



Связанные новости