Гол усны ослоос урьдчилан сэргийлэх “Завьт эргүүл” ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-06-13 14:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Завьт эргүүл”-ийг Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу энэ сарын 15-наас есдүгээр сарын 15-нийг хүртэл ажиллуулахаар дадлага сургуулилт хийж эхэлжээ.


“Завьт эргүүл”-ийг 13 дахь жилдээ ажиллуулж буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ. Тус эргүүл Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн голоос Майхан уул, Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

Мөн өмнө жил “Мандал даатгал” компани нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой газарт хоёр камер суурилуулж байсан бол энэ жил нэмж гурван камер байрлуулсан байна. Үер усны эрсдэл хамгийн өндөр бүсэд байрлуулсан камераар НОБГ-ын дуудлага хүлээн авагч, аврах ажиллагааны бүлгийн ахлагч нар хяналт тавьж, гар утаснаас шууд тухайн нөхцөл байдлыг харж, аврах ажиллагааг илгээж, анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх боломжтой юм. Түүнчлэн Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс энэ онд багтаан нэмж долоон камер суурилуулах төсөв гаргажээ. Ингэснээр Туул гол дагуу 12 камер ажиллах юм.

Борооны улирал эхэлж гол усны осол эндэгдэл ихээр гардаг энэ үед голын эрэг дагаж ойрхон буудаллах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол руу орох, чанарын шаардлага хангаагүй хийлдэг завь, гудас зэргийг урсгал усанд хэрэглэх, автомашинтай баталгаагүй гүүрээр гарч олноороо живэх зэрэг эрсдэлт тохиолдлууд гардаг. Иймд иргэд урьдчилан сэргийлж, борооны улиралд гол, нуур үерлэсэн үед зайтай байрлах, хараа хяналтгүй ус руу орохгүй байх, аялагч дундаа сайн сэлдэг хүнтэй байх, аюулгүй ажиллагааг бүрэн хангах анхан шатны мэдлэгтэй, анхаарал болгоомжтой байхыг НОБГ-аас зөвлөлөө.

А.Мичидмаа

Связанные новости