XINHUA: БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-29 10:40:38

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян тус улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бээжин хотноо лхагва гарагт уулзаж, цаашид улс төрийн харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахаа амлав.


Хятад, Монгол улсууд нь уул, усаар холбогдсон чухал хөршүүд болохыг Ли Чян цохон тэмдэглээд, урт хугацааны, тогтвортой сайн хөршийн харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ хэмээн хэллээ.


Хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог үнэнч шударгаар хэрэгжүүлэх, Хятад-Монголын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн баяжуулах, улс төрийн харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмэнд илүү үр өгөөж өгөх хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг цогцлооход Хятад улс Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэж тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.  


Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд мөн, Хятад улс хоёр орны үндсэн ашиг сонирхол, гол асуудлуудтай холбоотой асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн байна. Хятад улс хөгжил шинэчлэлтийг ахиулахын хэрээр Монгол Улстай төрөл бүрийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд Хятадын хөгжлийн шинэ боломжуудыг хуваалцаж байгааг сайшааж байна.


Тэрбээр хөгжлийн стратегиудыг илүү үр дүнтэй уялдуулж, “Бүс ба Зам” санаачилгыг хамтран хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахыг уриалжээ. Мөн хил, боомтын холболтыг сайжруулж, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарт харилцан солилцоог нэмэгдүүлж, хоёр орны ард түмний найрсаг харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт хэрэгтэйг онцолсон байна.


Хятад улс Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд чадах чинээгээрээ үргэлжлүүлэн тусламж дэмжлэг үзүүлэх болно гэж Ли Чян нэмж хэлжээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуд нь, Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг цохон тэмдэглэв. Мөн Монгол Улс “Нэг Хятад” зарчмыг тууштай баримталдаг хэмээгээд, “COVID-19” цар тахалтай тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтад үнэ цэнтэй тусламж үзүүлсэнд тус улсад талархал илэрхийллээ.


Монгол Улс хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахын тулд Хятад улстай боомт, эрчим хүч, уул уурхай, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлалын салбарт, мөн авлига, цөлжилттэй тэмцэх үйл хэрэг хийгээд хот төлөвлөлт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.


Уулзалтын дараа Ли Чян, Л.Оюун-Эрдэнэ нар тээвэр, санхүү, хорио цээр, хэвлэл мэдээлэл, байгаль орчны хамгаалал зэрэг асуудлаарх хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцлаа. 





Связанные новости