Украины дайныг зогсооход нөлөөлөхийг Ши Жиньпинд уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-04 17:38:46

БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /DW/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины дайныг тайван замаар зогсоох арга замыг эрэлхийлэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхийг Хятадын талд уриаллаа.


Э.Макрон пүрэв гарагт буюу өнөөдөр Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, Украины чухал дэд бүтцэд чиглэсэн цохилтуудыг зогсоох Францын хүчин чармайлтад Хятад нэгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр мөн Франц, Хятад хоёр улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд онцгой хариуцлага хүлээдэг гэдгийг онцлон тэмдэглэв.


Харин Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Украинд энх тайван тогтоохыг эрмэлзсэн хэвээр байгааг, цаашид ч үр дүнтэй үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдгийг дахин мэдэгджээ. Үүний сацуу Хятадын удирдагч дайны хариуцлагыг нэг талд тохох гэсэн оролдлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. 


Хятад улс бол Украинд эхлүүлсэн дайнд Оросын хамгийн гол дэмжигч гэж үздэг. Бээжин, Москва хоёрын харилцаа, худалдаа идэвхтэй хэвээр байгаа юм. Оросын цэргүүд Украин руу довтолсныг Хятадын тал буруушаагаагүй юм. Барууныхан мөн Бээжинг Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт ашиглах давхар зориулалттай бараа бүтээгдэхүүн нийлүүлж байна гэж буруутгадаг.


Хятадад айлчлахаасаа өмнө Э.Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон холбоотнуудтайгаа Парист уулзаж, дайныг зогсоох асуудлаарх хэлэлцээний явцыг хэлэлцжээ.


Э.Макрон БНХАУ-д төрийн айлчлал хийхээр дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирээд байгаа юм. Ши Жиньпин гэргий Пэн Лиюанийн хамтаар Э.Макрон болон түүний гэргий Брижит Макроныг Ардын ордны Их танхимд ёслол төгөлдөр угтан авчээ. Францын Ерөнхийлөгчийг бизнес эрхлэгчдийн 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй том баг дагалдан явж байна.



Связанные новости