А.Бербок Ази тивд анх удаа болж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /Federal Foreign Office/. Дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Ази тивд анх удаа болж байна. Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок энэхүү уулзалтад оролцохоор зургаадугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр мөн Герман-Монголын харилцааг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулна.
Орос, Хятад хоёрын дунд оршдог Монгол бол хоёр том хөрштэй хэдий ч өөрийн гэсэн ардчилсан, бие даасан замаар явж, Германтай олон үнэт зүйлийг хуваалцдаг улс юм.
Монгол Улс нь геополитикийн эмзэг байрлалаа харгалзан Орос, Хятадаас гадна "гуравдагч хөрш"-ийн бодлогыг баримталдаг. Герман улс бол ийм "гуравдагч хөрш" -ийн нэг юм. Учир нь дэлхийн ардчилал өндөр уулс, өргөн талыг гатлан хамтдаа байх ёстой.
А.Бербок хэлэхдээ, “Монгол Улс бол газар зүйн хувьд үнэхээр ур ухаан, чадал сорьсон байрлалд оршдог. Берлин хотынхтой тэнцэхүйц хүн ам нь маш сийрэг суурьшсан, далайд гарцгүй, хойд талаараа Орос, өмнөд талаараа Хятад гэсэн хоёр том хөрштэйгөө 8000 гаруй км-ээр хиллэдэг. Монголын бүх экспорт, импорт энэ хоёр улсаар л дамжин өнгөрдөг. Хоёр том гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс нь өөрийн гэсэн ардчилсан байр суурьтай, өөрийн нөлөөллийг хөрш улсуудынхаа хилийг давуулан мэдрүүлж чаддаг” гэжээ.
А.Бербок айлчлалынхаа эхний өдөр Монгол болон Франц Улсын Гадаад хэргийн сайд нар буюу Батмөнхийн Батцэцэг, Катрин Колонна нартай хамтран Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг зохион байгуулж байна. Тус уулзалтын үеэр энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлуудыг хэлэлцэж буй.
“Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын үеэр би юуны өмнө Ази, Африкийн түншүүдийнхээ үгийг сонсож, тэдэнтэй биечлэн уулзаж, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах талаар илүү ихийг олж мэдэхийг хүсэж байна. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын энхийн сахиулах ажиллагаанд хамгийн олон эмэгтэй илгээсэн орнуудын тоонд олон жилийн турш багтсаар ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо энэ туршлагаас бид хэрхэн суралцаж болох тухайд сонирхол татаж байна. Эмэгтэйчүүдийн оролцоо нь манай нийгмийн байдлын барометр. Бүх хүн тэгш эрх, боломжийг эдэлдэг газар хүн бүрд ээлтэй байдаг” гэж А.Бербок хэллээ.
Айлчлалынхаа хоёр дахь өдөр тэрбээр Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээ хийж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт хүндэтгэл үзүүлнэ.
Герамны Ерөнхий сайд мөн Бундесверийн цэргүүдийн сургалтад хамрагдаж буй Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдхүүнд зочилно. Монгол Улсын энхийг сахиулагчид 2009-2021 онуудад Афганистанд Бундесверийн найдвартай хамтрагч түнш байсан билээ.