Өнөөдөр Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-02 13:20:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. WORLD SPORTS PRESS DAY буюу 1924 онд Парис хотноо тулгын чулуугаа анх тавьсан Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (AIPS) байгуулагдсаны 99 жилийн ойн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна.


Энэ байгууллагын Монгол дахь салбар 1990 онд "Монголын спорт" сонины eрөнхий эрхлэгч С.Түвдэнням, МУСГЗ Ж.Отгонцагаан нарын санаачилгаар Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU) нэртэйгээр байгуулагдаж  байсан түүхтэй. Өдгөө 33 жилийн ойтойгоо золгож буй МССХ эгнээндээ 100-гаад гишүүнтэй юм.


Спортын сэтгүүлчдийн холбооны нэг чухал үйл ажиллагаа бол спортын хамгийн том цэнгэл наадам Олимпийг сурвалжлан сурталчлах байдаг. Монголчуудын оролцсон анхны олимп буюу 1964 оны Токиогийн олимпийг тухайн үедээ “Залуучуудын үнэн” сонин сурвалжилж түмэнд хүргэснээс хойш дэлхийн спортын их цэнгэл наадмыг сурвалжлана гэдэг нэр төрийн хэрэг болсон юм. Энэ үйл ажиллагаа 1992 оноос хойш тасралтгүй буухиалсаар өнөөдрийг хүрсэн билээ.


99 жилийн тэртээ Парис хотноо тулгын чулуугаа анх тавьсан Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо ирэх онд буюу 2024 оны Парисын олимпийн үеэр 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна.

Связанные новости