СҮХБААТАР: ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш нарыг Сүхбаатар нэг мөрөөдлийн залуус дахин шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 2023 оны ЭЕШ-ын дундаж оноогоор анх удаа улсад
тэргүүлсэн. Үүнд онцгой амжилт гаргасан сургууль, хамт олон, багш,
сурагчдад зориулсан “Талархлын үдэш”-ийг "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ, Дарьганга
зочид буудал хамтран зохион байгууллаа. Улмаар
30 багшийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
ЭЕШ-д сурагчдаа
амжилттай бэлтгэн, сурагчдын гүйцэтгэлийн оноогоор
улс, аймгийн дунджаас дээгүүр шалгагдан Сүхбаатар
аймгаа улсад тэргүүлэхэд өөрийн мэдлэг ур чадвараа дайчлан үнэтэй хувь нэмэр
оруулсан 10 багшид "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас тус бүр талархал, нэг
сая төгрөгийн хамт, 10 багшид Дарьганга
зочид буудлын нэрэмжит талархал нэг сая төгрөг, гарын бэлэг, 10 багшид талархал
тус бүр 200 мянган төгрөгийн шагналыг олголоо.
Мөн ЭЕШ-аар 800 оноо авсан сурагчид болох П.Мөнх-Учрал, Д.Цэлмэг нарыг
УИХ-ын гишүүн Н.Ганибал тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулав.
Салбарын бодлого,
менежментээ зөв тодорхойлж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлэн үр дүнг нь үзсэн аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа болон аймагтаа ЭЕШ-ын оноогоор
эхний таван байрыг эзэлсэн сургуулийн удирдлагуудад Дарьганга зочид буудлын
нэрэмжит шагналыг гардуулсан нь гэнэтийн бөгөөд
содон байлаа. Учир нь энэхүү шаналыг зөвхөн уг үйл ажиллагаанд зориулж
тусгайлан захиалгаар хийлгэжээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн соёлын онцлогийг
илтгэсэн уг бүтээлийг ердөө таван ширхэг үйлдвэрлэжээ.
Энэ мэтчилэн
боловсролын салбарынхны баяр дээр баяр нэмсэн, тэднийг ирэх жил амжилтаа
бататгах, урам зоригтой ажиллах эрч хүчийг өгсөн үйл ажиллагаа бол Талархлын үдэш байлаа гэдгийг багш нар хэлээд, багш нарын хөдөлмөрийг үргэлж үнэлж байдаг нутгийн залууст маш ихээр талархаж байгаагаа илэрхийлж байв.