Монголд байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулж байгааг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн
форум-2023”-ын үеэр БОАЖЯ “Дэ Нэйче Консерванси” (TNC) байгууллага Монголд Байгаль хамгааллын итгэлцлийн сан
байгуулж байгаагаа зарлалаа.
Тус санг Монгол Улсын
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын ногоон хөгжлийн
сэргэлтийн хүрээнд байгуулж байна.
Тодруулбал, байгаль
хамгааллын салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, түүнийг
удирдан зохицуулах, байгаль хамгааллын урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
зорилготой аж.
Байгаль хамгааллын
итгэлцлийн сан нь биологийн олон янз байдлыг хамгаалах, Уур амьсгалын
өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Үндэсний хэмжээнд
тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тусгасны дагуу 2030 он гэхэд хүлэмжийн
хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад
томоохон түлхэц болох юм.