Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2023-07-12 16:35:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харваанд өнөөдөр 14.00 цагийн байдлаар нийт 63 багаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг шигшээд үлдээд байв.


Харвааны явцын талаар Монголын Үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мөнхдалайгаас тодруулахад, "Үндэсний их сурын харваа долоодугаар сарын 10-нд эхэлсэн.


Яг одоогийн байдлаар сүүлийн 40 сум гарахаас 4 сум үлдээд байна. Энэ нь бүх харваач 40 сум гаргах ёстой. 40 сумны нийлбэр оноогоор 540 харваачаас хамгийн өндөр оносон харваач түрүүлнэ гэсэн үг" хэмээн тайлбарлалаа.


Харваачдын оноо тэнцсэн нөхцөлд байгаа жижигрүүлж, товх суран дээр оноо тэнцсэн харваачдыг харвуулдаг байна.


Баяр наадмын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үндэсний сурын харвааны асрын зүлэгт ногоон талбайд зочиллоо.


Төр, засгийн удирдлагуудыг харваачид уухайлан угтан авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж, үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв.


Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харвааны хамгийн ахмад нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хүндэт мэргэн харваач Д.Рэнчинханд бөгөөд Үндэсний их сурын харваанд оролцлоо. 

Связанные новости