ЦУОШГ: Говийн аймгуудын нутгаар 42 градус хүрч хална
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ ойрын өдрүүдэд нийт нутгаар хэт халахаар байгааг анхаарууллаа.
Энэ үеэр ЦУОШГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал хэлэхдээ “Долоодугаар сар гарсаар хур бороотой элбэгтэй өдрүүд үргэлжилж байна. Энэ сарын 4-6-ны өдрүүдэд төвийн аймгуудын нутгаар, ялангуяа Улаанбаатар хот орчимд үер буусны зэрэгцээ Туул, Сэлбэ, Санзай гол үерлэсэн. Өнгөрөгч 23-нд нийслэлд хүчтэй аадар орсны улмаас үерийн нөхцөл байдал үүссэн. Энэхүү борооны үеэр нийслэл орчимд 26-86 мм хур тунадас орсон байна. 86 мм гэдэг нь Монгол орны хувьд гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн гэсэн үг.
Өнөөдрөөс баруун аймгуудын баруун өмнөд талаас эхлээд ихэнх нутгаар халах төлөвтэй байна. Өчигдрийн байдлаар Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 40 градус хүрсэн. Энэхүү халалт говийн аймгуудын нутгаар 5-6 хоног үргэлжлэхээд зогсохгүй ихэнх нутгийг хамарна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 30-нд, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 31-нд түр зуурын аадар бороо орно. Төв болон зүүн аймгуудын зарим нутгаар ирэх сарын 2-нд дуу цахилгаантай бороо орно. Энэ бороо нь хэт халалтын дараагаар орж байгаа учраас усархаг байх бөгөөд аянга цахилгаан бууж болзошгүй. Мөн үер буух магадлал өндөртэй байна.
Ойрын үед хэт халалтын үеэр говийн аймгуудын нутгаар өдөртөө 37-42 градус хүрэхээр байгаа тул иргэд их халууны улмаас үүсэх эрсдлээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй” гэлээ.