ХЭНТИЙ: Мал эмнэлэг, үржлийн алба үүссэний 100 жилийн ой тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-19 10:49:54

Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхэн 100 жилийн ой тохиож байна.


Эрдэнэт мал сүргийг эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө зүтгэж буй мал эмнэлэг үржлийн албыг тэртээ 1923 онд Хэнтий аймагт есөн хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулж байжээ. 


Өнгөрсөн хугацаанд тус салбар ардын уламжлалт аргын эмчилгээнээс орчин үеийн тоног төхөөрөмжөөр хувьсан өөрчлөгдөж хүн амын хүнсний эрүүл мэндийг 100 жилийн хугацаанд сахин хамгаалсаар ирсэн юм. Түүхэн энэ хугацаанд Хэнтий аймагт хоёр үүлдэр, нэг омогийг бий болгосон аж. Тодруулбал, Галшарын адуу, Дадал сумын семинтал үүлдэрийн үхэр, улаан ямааны ноолуурын хувь хэмжээг судалсан байна. Мөн анхны мал эмнэлгийн лабораторыг итгэмжлэгдсэн болгож, үржлийн тасгийг, үржлийн алба болгон өргөжүүлжээ.


Тус аймгийн мал эмнэлэг нь сүүлийн таван жилийн судалгаагаар малын халдварт өвчний гаралтыг 4,5 хувиар бууруулжээ. Энэ нь малын эмч нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлж, боловсон хүчин дээрээ анхаарлаа хандуулсаны том жишээ юм. Мал эмнэлгийн салбарт нэн дутагдалтай байгаа ажилтанг бэлтгэх бодлогын хүрээнд Хэнтий аймгийнхаа Политехник коллежтой хамтран сүүлийн гурван жилд 110 мал эмнэлгийн мэргэжилтэн, санитарчдыг бэлтгэжээ.


Хэнтий аймагт өнөөдрийн байдлаар 72 мал эмнэлэг, сум бүрт малын эмийн сангууд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Связанные новости